НООСНЫ САЛБАР

Ноос боловсруулах салбар

Ноос боловсруулах салбарт хивс үйлдвэрлэх 2 үйлдвэр, 4 нэхэх үйлдвэр, 9 ээрэх үйлдвэр, нэхээсгүй эдлэл үйлдвэрлэх 1 үйлдвэр, 25 угаах үйлдвэр, 23 хялгас ялгах үйлдвэр, 56 сүлжих үйлдвэр, эсгий эдлэл үйлдвэрлэх 16 үйлдвэр, ноосон бордоо үйлдвэрлэх 1 үйлдвэр, 120 эсгийлэх үйлдвэр нийт 257 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 2011 онд батлагдсан “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 30-р тогтоол нь ноос боловсруулах салбарт шинэ эрин үеийг авчирсан, түүнийг сэргээн хөгжүүлэх боломжийг нээж өгсөн түүхэн ач холбогдолтой бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон тухайн жилийн хэрэгцээт түүхий эдийн нөөц, түүхий эд бэлтгэлийн ажлаа төлөвлөх гүйцэтгэх улмаар техник технологийн шинэчлэлт хийх, шинээр үйлдвэр байгуулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болсон. ”Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 6-р сарын 03-ны өдрийн 30-р тогтоолоор дараах шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлсэн.

1. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгосон. Уг тогтоолын дагуу 2011-2013 онуудад ноос боловсруулах салбарын 24 үйлдвэрт 31,1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгогдож үйлдвэрүүд тоног төхөөрөмжийн шинэчлэлд 12,9 тэрбум төгрөг, үйлдвэрийн өргөтгөл засварт 5,1 тэрбум төгрөг, эргэлтийн хөрөнгө худалдан авахад 13,1 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.

2. Хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд төрөөс мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. Уг тогтоолын дагуу 2011-2019 онуудад үндэсний үйлдвэрт ноос тушаасан малчдад 196,5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.

service

УРАМШУУЛАЛ

  • Хонины бүдүүн ноос - 1,500 төг
  • Хонины нарийн ноос - 2,000 төг
  • Тэмээний ноос - 2,000 төг
Он 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019
Малчны тоо 32,977 103,162 117,667 80,619 79,407 92,885 86,985 49,625 46,828
Олгогдсон урамшуулал 9.8 29.4 36.6 18.3 19.3 22.6 22.5 18.6 19.4

”Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн Газрын 2013 оны 4-р сарын 13-ны өдрийн 141-р тогтоолоор ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх санхүүжилтийн эх үүсвэрийн гуравны нэгтэй тэнцэх 45 сая хүртэлх ам.долларын (70,7 тэрбум төгрөг) зээл олгохоор шийдвэрлэсэн. Уг тогтоолын дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ны байдлаар нийт 17 үйлдвэрийн төсөлд 48,2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. ”Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30-р тогтоол болон ”Үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн Газрын 2013 оны 141-р тогтоол хэрэгжилтийн үр дүнд ноос боловсруулах салбарт техник технологийн шинэчлэлт хийгдэж ололт амжилт бий болсоор байгаа бөгөөд 2012-2019 онуудад ноос боловсруулах салбарт шинээр 1882 ажлын байр нэмэгдэж нийт 278,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан байна.