СҮҮНИЙ САЛБАР

Сүүний салбар

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1680 гаруй хүн ажиллаж байна. Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 470.5 мянган тн бөгөөд өнөөдрийн байдлаар 35 хувийг ашиглаж байна. 2020* оны урьдчилсан гүйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 173.1 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулсан бөгөөд өмнөх оны тоо хэмжээтэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйд байгаа 2091 толгой цэвэр үүлдрийн үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү, 67.0 мянган толгой эрлийз үнээнээс өдөрт дунджаар 6 литр сүү авч байна. 2020* онд эрчимжсэн мал аж ахуйгаас 102.9 сая.литр сүүг үйлдвэрт нийлүүлсэн байна. Үүнээс үзэхэд нийт нийлүүлсэн шингэн сүүний 65 хувийг дулааны улиралд, 35 хувийг сэрүүний улиралд бүрдүүлж байна.

service

УРАМШУУЛАЛ

  • Үнээний сүү - 500 төг


Эрчимжсэн аж ахуйгаас нийлүүлэх сүүний хэмжээнд улирлын хамаарал ихээхэн нөлөөлж байгаа тул өвөл, хаврын улиралд төвлөрсөн хот, суурин газрын хүн амыг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах боломж бүрдэхгүй байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж хэрэгцээ 53%-ийн үзүүлэлттэй байна. Сүүний үйлдвэрүүд дотооддоо коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зөвлөмж боловсруулан мөрдөн ажиллаж байна. Улаанбаатар хот орчмын 17 чиглэлээс түүхий сүү татан авч үйлдвэрлэл явуулж байна. Сүү ХК, АПУ-Дэйри ХХК, ТЭСО ХХК-иуд Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудаас түүхий сүү бэлтгэлийн 50%-ийг татан авч үйлдвэрлэл явуулдаг. Эдгээр аймгуудад өвчний голомт үүссэн тул нь 7 хоногт 3 удаа татан авалт хийж байна. Ундны сүүний үйлдвэрлэл 30% буурч шингэн сүүг хуурай сүүтэй хольж сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Засгийн газрын 130 дугаар тогтоолоор “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малыг, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүүг нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох” журмыг батлуулсан. Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах 8 үйлдвэрт 2020 оны 11 дүгээр сард 1,939,944.0 литр, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000.0 /Есөн зуун жаран есөн сая есөн зуун далан хоёр мянга/ төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

2020 оны 12 дугаар сард 1,494,000.0 литр, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 1572 малчин, 16 эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд 747,000,000.0 /Долоон зуун дөчин долоон сая/ төгрөгийн мөнгөн урамшуулал олгох ХХААХҮС-ын тушаал гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна.